Monday, May 31, 2010

ТЭР НЭГЭН ТӨРСӨН ӨДӨР

Хүйтэн өвөл хөөгдөж, оронд нь хавар ирэхэд миний төрсөн өдөр болдог. Хаа сайгүй нялх ногоо соёолж, хүмүүс хувцсаа нимгэлж, хэн хүнгүй дулаан тогтуун байгальд мансуурах үеэр би төржээ гэж. Байгаль ч сэргэж, дурлал ч сэрдэг улирал даа.

Олон жилийн өмнө юм аа. Төрсөн өдрөөрөө өглөө сэрээд ажилдаа гарав аа. Наран мишээсэн сайхан дулаахан өглөө. Энэ өдрийн анхны сюрприз царай муут байв. Автобусны буудал руу алхах замд тэр намайг тосоод ирсэн. Тэгээд нэлээд тэвдэн байж төрсөн өдрийн мэнд хүргээд бамбарууш, бас дарс бэлэглэсэн. Тэгээд л яваад өгсөн.

Би өдөр тутмын сонинд сэтгүүлч байлаа л даа. Бидний ажилд ямар эцэс төгсгөл гэж байх биш. Оройтох бол бараг л энгийн үзэгдэл. Маргаашийн сонин хоосон хуудастай гарах биш, заавал дүүргэнэ биз дээ. Тэгээд л такси барина. Нэг нэгнийхээ суусан таксины дугаарыг бичээд л. Юмыг яаж мэдэхэв гээд.

Тэр царай муут таксины жолооч байсан юм. Намайг гэрт нэлээд хэд хүргэж өгсөн. Хорхойд хоргүй амьтан л даа уг нь.
Цалин буугаагүй байхад зээлээр хүргэдэг байлаа шд. Би ч хулхидна гэж юу байхав, цалин буухаар өрөө төлчихнө. Тэгээд явах замдаа элдвийг ярьдаг байсан юм байгаа биз. Тэдэнд төрсөн гэдгээ ч хэлсэн биз.

Гэтэл тэр мартаагүй. Таксигаа яагаад ч юм барихаа больчихсон хүн шд. Ажил дээр ирээд л, би түүнээс ичээд л. Явуулахын түйс.

За энэ ч яахав. Царай муутаас авсан дарсаа цүнхлээд бандгар бамбаруушаа тэврээд микронд суув аа. Явлаа. 25-р эмийн сангийн буудал хүрлээ. Гэтэл...

Өндөр чөргөр нүдний шилтэй залуу зогсч байна. Миний мэдэх бүсгүйтэй. Нэлээд дотно байна аа тэр хоёр, янз нь.
Дотор палл хийгээд л явчихав. Гэв гэнэт дүүрэн сэрсэн сэтгэл хоосроод л. Тэр хоёрыг битгий л энэ микронд суугаасай гэж залбираад л. Суугаагүй л дээ аз болж.

Тэр нүдний шилт бид хоёр нэг сонинд ажилладаг байлаа л даа. Намайг сүүдэр шиг л дагадаг нэгэн. Заримдаа бүр залхмаар. Ажил дээр ч хамт хооллоно, ажлаа тараад шоудсан ч хамт, тамхилсан ч хамт. Хаа нэгтээ шоудаад хоносон ч хамтдаа. Хэрэлдээд л. Эвдрэлцээд л.

Нэг нэгнээ фашист нацистаар нь дуудаад л. Үүнд би бүүр дасчихсан. Манайд хүртэл ирээд нэг оронд унтаж л байсан залуу. Гэтэл... Ингээд хүүхэнтэй явж байдаг...Нэг нэгнээ тэвэрчихсэн. Бүр миний мэдэх хүүхэнтэй шүү.

Тэгтэл л би ойлгосон. Тэр залуу миний зүрхний хүн байсан гэдгийг. Сонин шүү амьдрал гэж. Дандаа хожуу мэдэрдэг. Оройтож ойлгодог...

Аз болж бид хоёр одоо хүртэл найз хэвээрээ. Цаашдаа ч найз хэвээрээ явнэ. Тэр төрсөн өдрөөс хойш миний ч, түүний ч амьдралд олон өөрчлөлт гарсан. Би хүүтэй болсон, нөхрөөсөө гэхдээ салсан ухаантай. Тэр ч бас хүүтэй болсон, мөн л эхнэрээсээ, нөгөө буудал дээр таардаг хүүхнээсээ тусдаа амьдарч байгаа.

Амьдрал үргэлжилж байна аа, сайхан. Хавар ч ирдгээрээ ирлээ. Өнөөдөр бялуугаа иднэ, лаагаа үлээнэ. Гэхдээ хүүтэйгээ л хамт. Өөр хүн одоогийн төрсөн өдрөөр надад хэрэггүй.

3 comments:

  1. odoo buur yu ch sanku bna end ch unshaagu bololtoi odoo l anh udaa unshij bgaam shig baishd :p

    ReplyDelete